СЭДВИЙН ТОЙМ: ШИЛДЭГ 16 БАГ | ДУГААР 2

Jun 13, 2023

Нийтлэлийн энэ удаагийн дугаараар бид "ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ТӨРӨӨС ЗОХИЦУУЛАХ ЁСТОЙ, ЦАХИМ ХЭРЭГЛЭЭГ ХУУЛИАР ХЯЗГААРЛАХ НЬ ЗӨВ, ГАДААД ХЭЛИЙГ БАГА АНГИАС ЗААХ НЬ ЗӨВ" хэмээх сэдвүүдийг хөндөж байна.

“ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ТӨРӨӨС ЗОХИЦУУЛАХ ЁСТОЙ”

Инфляц гэдэг нь өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнийн өсөлт буюу мөнгөний үнэ цэний уналттай шууд холбоотой. Тиймээс “Үнийн өсөлтийг төрөөс зохицуулах ёстой юу?” гэдэг асуулт дийлэнх улс орнуудын засгийн газрын толгойны өвчин болсоор ирсэн. Үнийн өсөлтийг нэг хэсэг нь засгийн газрын зарлагын өсөлттэй холбож шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл төрийн оролцоог хязгаарлахыг зөв гэж үздэг. Харин нөгөө хэсэг нь үйлдвэрлэл хөгжөөгүй улсад үнийн өсөлтийг зохицуулахын тулд төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай гэдэг. Монгол улсад үнийн өсөлтийг зохицуулах, цаашлаад инфляцыг барих тодорхой шийдэл одоо ч иргэдийн дунд яригдсан хэвээр байна. 

Hexagon болон Inception багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.

“ЦАХИМ ХЭРЭГЛЭЭГ ХУУЛИАР ХЯЗГААРЛАХ НЬ ЗӨВ”

Дэлхий нийтийг хамарсан цахим шилжилтийн талаарх эерэг, сөрөг олон хэлэлцүүлгүүд нийгмийн сүлжээнд өрнөсөөр ирсэн. Монгол улс өнөөдөр Фейсбүүк хэрэглээгээрээ Азидаа нэгд жагсаж, зөвхөн Фейсбүүк платформыг гэхэд л 3,2 сая хүн өдөр тутамдаа ашиглаж байна. Тухайлбал цахим хэрэглээ өргөжихийн хэрээр интернэт худалдаа, үйлчилгээ, хүргэлтийн систем, онлайнаар мөнгө олох зэрэг давуу талууд үүссэн. Нөгөөтээгүүр цахим хэрэглээг даган бусдын нэр хүндийг санаатайгаар, үндэслэлгүйгээр гутаан доромжлох, хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх, залилах, интернэт орчин дахь гадуурхалт, хуурамч хаяг үүсгэн гэмт хэрэг үйлдэх зэрэг сөрөг кейсүүд олноор үүсэх болсон. Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н. Учрал өнгөрсөн нэгдүгээр сард олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг санаачилж, ердөө 3 хоногийн дотор УИХ-ын гишүүдийн дэмжлэгийг авч батлуулж чадсан. Харин уг хууль нь хүний эрхийг хааж, шүүх эрх мэдлийг нэг яамны мэдэлд шилжүүлсэн гэх мэт олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулсан билээ. Тэгвэл УИХ-аас баталсан уг хуульд 7 хоногийн дараа Монгол улсын ерөнхийлөгч хориг тавьсан юм. 

Justice болон Immanuel багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.

“ГАДААД ХЭЛИЙГ БАГА АНГИАС ЗААХ НЬ ЗӨВ”

Монгол улсын засгийн газраас бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих хөтөлбөрийг 2022-2025 онд хэрэгжүүлэхээр “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын заалтаар баталсан. Засгийн газрын 2021 онд өргөн барьж, өнөөдөр хүртэл хэлэлцсээр байгаа боловсролын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд гадаад хэлийг бага ангиас нь оруулахаар тусгаж, УИХ-д Лобби бүлэг хүртэл байгуулагдсан юм. Харин уг асуудалд иргэд байр сууриа илэрхийлэхдээ “Хүүхдүүд нэгдүгээр ангиасаа Англи хэлийг сурч эхэлбэл Монгол эх хэлээ мартана” нөгөө хэсэг нь “Монгол хэл, Англи хэлийг хамт сурах бүрэн боломжтой” хэмээн талцсаар байгаа юм. Манай улсын нийгэмд тулгамдаж буй асуудал бол боловсролын тэгш бус байдлын асуудал. Хувийн өмчийн төлбөртэй сургуульд суралцаж буй хүүхдүүд нэгдүгээр ангиасаа гадаад хэлийг сурч, харин төрийн өмчийн сургуулийн хүүхдүүд дунд ангиасаа гадаад хэлийг үзэж, өөр өөр түвшний боловсрол эзэмшиж байгаад эцэг эх, олон нийт шүүмжлэлтэй ханддаг. 

Хаа Сайгүй болон Кактус багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.