СЭДВИЙН ТОЙМ: ФИНАЛЫН ШАТ | ДУГААР 13

Jul 2, 2023

МОНГОЛ УЛС ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГАД ЭЛСЭХ НЬ ЗӨВ

Шанхай Хамтын Ажиллагааны Байгууллага бол бүс нутгийн хэмжээн дэх томоохон эдийн засаг, улс төрийн эвсэл билээ. ШХАБ-ын гишүүн орнууд дэлхийн нийт хүн амын тал, ДНБ-ий 1/4, Евроазийнгазар нутгийн 80 хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн уг байгууллагын үйл ажиллагаанд манай хоёр хөрш орон тэргүүлэх үүрэгтэй оролцдог төдийгүй, бид анхны ажиглагч улс орон болж байсан түүхтэй. Ийм хүчирхэг байгууллагад Монгол улс элсэх нь угаас зөв. Учир нь хоёр хөршөөс салах нэгэнт боломжгүй хэмээн олон нийт үзэж, зарим эрх бүхий албан тушаалтан энэ асуудлыг бодитоор авч хэлэлцэж байсан үе саяхан. Нөгөөтээгүүр, гадаад бодлогын үзэл баримтлалдаа хоёр хөршөөс хараат байдлыг хязгаарлах зорилгоор онцгойлон оруулж ирсэн ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГО нь Монгол улсыг уг байгууллагад элсэж болохгүй буюу одоо байгаа статусаа хэвээр хадгалхыг сануулсан чухал бичиг баримт. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын чиг баримжаатай, ардчилсан улс орны хувьд олон улсын хүчний тэнцвэрийг алдагдуулах чадамж бүхий байгууллагад элсэх нь зөв үү эсвэл буруу юу?

БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ОРЛОГЫГ НИЙТ АРД ИРГЭДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ТЭГШ ХУВААРИЛАХ НЬ ЗӨВ

Монгол улс дэлхийд байгалийн баялгаараа дээгүүрт эрэмбэлэгддэг. Байгалийн баялаг бол шавхагддаг нөөц. Хэний ч оролцоогүй бүрдсэн учир иргэн бүр үр шимийг нь хүртэх эрхтэй. Гэвч байгалийн баялгийнхаа үр шимийг нийт ард түмэн хүртэж чадаж байгаа юу? Эсэх нь эргэлзээтэй. Манай улс өнгөрсөн хугацаанд байгалийн баялгийн өгөөжөөсөө иргэн бүрд хүртээх гэсэн ажлууд нь дийлэнх нь бэлэн мөнгө эсвэл хувьцаа тараах хэлбэрээр явагдаж ирсэн. Тиймдээ ч байгалийн баялгийн өгөөж ард иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах бус эсрэгээсээ бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, импортын худалдан авалтыг нэмэгдүүлэн эдийн засагт сөрөг үр дагаврыг дагуулж байсан. Харин уул уурхайн том төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулах нь эргээд бидэнд эдийн засгийн хөгжлийг бий болгоно хэмээн шинжээчид маргасаар удаж байна. Байгалийн баялгийн орлогыг нийт ард иргэдэд хүртээмжтэй тэгш хуваарилах нь зөв үү, эсвэл бидэнд өөр гаргалгаа бий юу?